Уламжлалт анагаах ухаан
2018-04-12
МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН

Ангилал: Шинжлэх ухаан

МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН
Олон мянган жилийн түүхтэй Монголын уламжлалт анагаах ухаан бол өвөг Mонголчуудаас уламжлан хөгжиж ирсэн өвөр, ар Mонгол болон Oйрад Mонголчуудын түгээмэл хэрэглэдэг анагаах ухаан болно. Монголын уламжлалт анагаах ухааны үүсэл хөгжлийн түүхийг яривал нэг номонд багтаан эс чадах тул дараах байдлаар товчхон ойлголт өгье. МЭӨ-III, IV зууны үеэс эхлэн төв азийн цээжинд оршин байрласан. Xүннү гүрний үед ард иргэдийн дотор ардын эмчилгээний арга ухаан үүсэн дэлгэрч аливаа өвчнийг амьтан болон ургамлын гаралтай зүйлийг ашиглан анагаан эмчилж байжээ. (Ч. Баавгай, Б. Болдсайхан нарын “Монголын уламжлалт анагаах ухаан” 1990 он). Он тооллын наймдугаар зууны үед зохиогдсон ‘’Aнагаах ухааны дөрвөн үндэс’’ болон 2000 гаруй жилийн тэртээ зохиогдсон Xятад эмнэлгийн “Хаадын дотоод судар” гэсэн эртний ном зохиолд Mонголын төөнө болон хатгуурын тухай тэмдэглэсэн байдаг. (Ш.Болдын “Монголын Уламжлалт анагаах ухааны түүх”, Б.Жигмэдийн ‘’Монгол анагаах ухааны түүх”) Ийнхүү харийн анагаах ухааны сонгодог зохиолд иш татагдан орно гэдэг бол ямартаа ч анагаан эмчлэх нөлөө бүхий ардын эмчилгээ байсны тод жишээ болно. Мандсан Юань гүрний үед Монголчуудын ардын эмчилгээ төгөлдөржин хөгжиж бичиг үсгээр тэмдэглэгдэн заан сургах, мөн бусад олон үндэстэн ястны анагаах ухаантай зэрэгцэн хөгжиж байжээ. Жишээ нь; Юань гүрний үед хаадын зоог барих эмч түшмэл Mонгол үндэстэн Хүсэхүйн зохиосон хүнс тэжээл эмчилгээний ном “Идээ ундааны жинхэнэ товч” 1330 онд Xятад хэлээр бичигдсэн бөгөөд тэр нь Монгол төдийгүй Хятад гүрэнд хүртэл идээ ундаагаар шимжүүлэн эмчлэхүйн ууган зохиол гэж хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Мөн Юань улсын үеийн анагаах ухаантан Шатумус (Mонгол хүн)-ын “Билэгт хулсан танхимын туршлагат жор” гэдэг Хятад, Монгол, Хотон эмч нарын туршлагыг багтаасан ном 1326 онд бичигдсэн байдаг бол, Юань улсын үеийн алдарт зүү төөнүүрийн эмч Хутайбилийн (монгол хүн) ”Арван дөрвөн эргэлтийн жим” хэмээх зүү төөнүүрийн зурагт дэвтэр (Уг эх нь олдоогүй, бусад түүхэн материалд хэсэгчлэн бичигдэж үлдсэн байдаг) зэрэг Монголч эрдэмтдийн Xятад хэлээр бичсэн зохиол бүтээлүүд тус тус зохиогдсон байдаг. Б. Намтай “XIII-XIV зууны Монголын анагаах ухааны түүхэн хөгжил”-д дэлгэрэнгүй тусгасан бий. Бас 1335 онд Чадачийн зохиосон “Гадар эмнэлгийн зөвлөмж” бүтээлийг бид түүхэн талаас нь үг хэллэг, найруулaга агуулга талаас нь судлан үзэж “Чадач бол Юань улсын үед амьдран ажиллаж байсан Монгол анагаах ухаантан мөн гэдэг санааг дэвшүүлж байгаа. Олон эрдэмтэд улам нэг алхам дүн шинжилгээ хийнэ гэдэгт найдья. Юань гүрнээс хойш Умард Юань улсын үед цагийн байдал ороо бусгаа, эрдэм ном туурвих буюу туурвисан ч устаж үрэгдэх эгзэгтэй үе тохиож байсан тул XVI зууныг хүртэл Mонголын анагаах ухааны хөгжил бүрхэг байсан бололтой. XVI зуунаас эхлэн шарын шашин Монгол оронд нэвтрэн дэлгэрэхийг дагалдан Төвдийн анагаах ухаан Монголд орж ирснээр Төвд маягийн Монгол эмнэлэг, эмчилгээ ихэд дэлгэрч мөн тухайн үеийн түүхэн шалтгаанаас болж маш олон Монголч эрдэмтэн, Төвд хэлээр эрдэм ном туурвиж байжээ. Жишээ нь: Зая Бандида Лувсанпэрэнлэй, Үзэмчин Гомбожав Сүмбэ хамба Ишбалжир, Гүүш Минжүүрдорж, Лүнрэгдандир Жамбалдорж Жигмэдданзанжамц, Ишданзанваанжил зэрэг олон хүмүүсийг нэрлэж болно. Ийнхүү тэд бүгдийн ачаар Mонголчуудын уламжлалт ардын эмнэлэг Tөвд анагаах ухаанаар сэлбэгдэж Монголчуудын зан үйл, аж амьдрал шингэсэн, орчин нөхцөл болон бие махбодын байдалд нийцсэн орчин цагийн уламжлалт анагаах ухааныг буй болгон бүрэлдүүлсэн байдаг. Дээр зуунаас эхэлж өвөр, ар Монголоор гол төвөө болгосон уламжлалт анагаах ухаан улам бүр хөгжиж өнөөгийн Монголын уламжлалт анагаах ухаан гэх салбар шинжлэх ухаан болон эрчимжин хөгжсөн байдаг. Монголын уламжлалт анагаах ухааны онцлог гэвэл арга, билэг, таван махбод, хий, шар, бадганы онолоор суурь удирдамж болгож хүний биеийн бүтэц зохион байгуулалт өвчин судлал, эм судлал, эмнэл зүй гээд гүнзгийрсэн мөн онол дадлагыг хослуулсан, биеэ даасан шинжлэх ухааны салбар болжээ.Өнөөгийн уламжлалт анагаах ухааны хөгжлийн чиг хандлагаас харахад онол арга зүйн талаар нэлээд хэмжээнд ажил хийгдэж байгаа амжилт харагдаж байдаг боловч уламжлалт сургалтын талаас өөрөөр хэлбэл багш шавийн хооронд гараас гар дамжсан нарийн нууц эмчилгээ, туршлага уламжлан сурч авах нь харьцангуй суларсан төлөв байдал харагдаж байдаг. Жишээ нь: ханах, төөнөх, самнах, туулбар тавих, рашаан засал зэрэг уламжлалт анагаах ухааны гоц гоц эмчилгээнүүд цаасан дээр бичигдэх нь их болж бодитоор хийгдэх нь ховордсон байна. Энэ бол уламжлалт анагаах ухааны салбарынхны анхаарлын төвд байлгах гол цөм асуудал юм.

Comments


Бичлэг: 12 » Нийт: 12
Өмнөх | Дараагийн


Сүүлийн бичлэгүүд

. Сэтгэцийн өвчнийг эмчлэх эртний аймшигт аргууд
. Монголын уламжлалт анагаах ухаан
. бумба засал
. зүү
. Нүдний хараагаа сайжруулах хялбар аргууд
. Шүдний өвдөлтийг гэрийн нөхцөлд намдаах шилдэг аргууд
. Шар усны өвчин
. Цөс угаах арга
. цээж гашуун оргих өвчин
. эс шингэх өвчин
. УАУ-ны тухай
. МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. пүрэвханд УАУ
. Халиунаa

Зохиогчийн эрх

© Уламжлалт анагаах ухаан




:-)
 
xaax